"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Баацагаан сум

Баацагаан сум

1924-1925 оны хушуудын дотор анх сум байгуулж байх үед Цэцэрлэг мандал аймгийн Гучин уулын хүшуунд Цагаан гол, Эрдэнэтээл гэдэг сумд байсны Цагаан гол сум нь одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сум юм. Анх байгуулагдсан шийдвэр байхгүй бөгөөд тэр үед Товгор, Баянбулаг, Буйлсан, Оройнбууц гэсэн 4 багтай байсан байна.

 

    Сумын төв нь Баянсайр, далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн, Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдсэн, 744,7 квадрат км газар нутагтай, анх байгуулагдахад 3000 орчим хүн амтай, 700 гаруй өрхтэй, 140 мянган толгой малтай байсан.

Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Жинст, Өлзийт, Баянцагаан сумдтай хиллэдэг.

Хангайн нуруунаас эх авсан олон гол нийлэн Байдраг нэртэй өргөн гол урссаар олноо алдартай Бөөцагаан нуурт цутгадаг.Бөөнцагаан нуур нь уртаараа 24 км, нийтдээ 38,4 хавтгай дөрвөлжин км талбайтай, сумын төвөөс баруун хойш18 км-т оршдог.

  Байдраг  голын цутгалангийн баруун талд 3 талдаа бичигтэй хүн чулуу,Таван элсэнд эртний чулуун зэвсгийн үеийн булшнууд, Улаан хаалганд эртний чулуун зэвсгийн булш, Зодох, Хөвшихийн тээгт чулуун хөшөөтэй хэрэгсүүр,Ноён Богдын сэнжит хад орчинд цагаан, шар байван мэт ховор зүйл,Дунд чулууны хойд үзүүрт яст мэлхий, дунгийн чулуужсан яс,Таван элсний чацаргана,Цагаан гол харзны хөндийн чихэр өвс, Цав цайдмын олон хонхор агуй нүх, Хадан хавцал бүхий муруй хадны хөндий, Нуурын урд талын заган төгөл шугуй, Дунд Аргалантын Ёлын амны болор чулуу гэх мэт болно.

Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг нилээд гол горхи, булаг шанд бий.

Бөөнцагаан нуур загасны нөөц ихтэй, гол нууранд нь хун, галуу, бор, алаг нугас, ангир зэрэг шувуудтай.

   Тус сумын нутагт монголдоо төдийгүй дэлхийд ховор ургамал болох чихэр өвс,гоёо, болон говийн ургамал цулхир, дэгд, лидэр зэрэг жимсгэнэ, эмийн төрлийн ургамал ихтэй, ирвэс, янгир, аргал, хар сүүлт, бөхөн, шилүүс зэрэг ан амьтан, хойлог, ёл, шонхор, хөх дэглий, хотон, тоодог зэрэг олон төрлийн жигүүртэн шувуудтай.

  Баацагаан сум нь нийслэл Улаанбаатар хотоос 765 км алслагдсан, аймгийн төвөөс 145 км зайтай оршдог, таван хошуу малтай бөгөөд нийт сүргийн 80 гаруй хувийг ямаан сүрэг голлодог, одоогийн байдлаар 7 багтай, 902 өрхтэй, 3412 хүн амтай.

  Баацагаан сумын хамт олны хөдөлмөрийг өндрөөр үнэлэн төр засгаас “Алтан гадас” одонгоор шагнасан билээ. Энэ нь үе үеийнхний баатарлаг тэмцэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм.

  Баацагаан сумаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ш.Өөдөс, Г.Пунцаг, хүшууч генераль Н.Паль, 1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд Сангижав, Жогоо, П.Дагва, Б.Баасан, Б.Дамчаабадгар, П.Лхагваа, Дагва, Хоонон, Б.Машбат, Ч.Пүрэвжав нар оролцсон гавъяатай хүмүүс билээ.

  Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн, гавъяат жүжигчин Х.Пүрэвдорж, гавъяат тээвэрчин С.Зина, доктор Н.Логи, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Норов нар тус сумын унаган хөвгүүд билээ.

Ч.Лхамсүрэнгийн гэр музейг сумандаа байгуулж 9 жилийн дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон нь хойч үедээ бахархалтай үйл хэрэг болсон.

 Улсын сайн малчин Магарагчаа, улсын аварга малчин Д.Дүйнхэр, Дэмчиг, хошой аварга “Алтан ишиг”-ний эзэн П.Сэмнээ, Б.Адъяа, Д.Төмөрбаатар, С.Үрчгэр, П.Намсрай, С.Тамжаа, А.Дагвасамбуу, Л.Содномпил, Б.Чойдорж, Б.Доржпүрэв нарын тэргүүний малчид олноор төрөн гарсан.

   Одоо Баацагаан суманд ЗДТГ, 12 жилийн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, Монгол-Овоо ХХК, Мал эмнэлэг, Монголын Цахилгаан Холбоо, ХААН банкны салбар, Төрийн банкны салбар, Бөөнцагаан, Цагаан ундарга, Бат хамгаалалт зэрэг хоршоод үйл ажиллагаа явуулдаг.

    Байгалийн болон эдийн засгийн говь хээрийн бүсэд хамрагддаг, 7 багтай бөгөөд сумын төвийн баг нь Баянсайр хөдөөгийн багууд төвөөсөө Баянбулаг баг  12 км, Буйлсан баг 45 км, Оройбууц баг 45 км, Могой баг 70 км, Товгор баг 18 км, Зүүнхаяа баг 22 км-т тус тус алслагдсан байдаг.  Одоо сумын Засаг дарга Ж.Ганбат, ИТХ- ын дарга  С.Оюунболд нар ажиллаж байна.


 

 
Мэдээ оруулсан: 2016-01-31 11:36:58