ХААН Банк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэж цус бэлэглэх өдөрлөгийг Төв ХААН Банкинд 01 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Сайн дурын цус бэлэглэх авлагагүй “Донорын өдөрлөг”-т сайн ХААН Банкны нийт 125 ажилтан оролцож эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсад осол аваар, цусны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж үүнийг дагаад цусны хэрэгцээ ч мөн нэмэгдэх болсон. Тэр ч үүднээс Төв ХААН Банк болон Улаанбаатар хотын салбар нэгжийн ажилтнууд цус бэлэглэх үйлст өнөөдөр нэгдлээ.
Цусаа бусдад бэлэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ цусаа тогтмол өгдөг донор хүний бие эрүүл чийрэг байдаг байна. Түүнчлэн цусаа тогтмол өгдөг донорууд цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна.
ХААН Банкны хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хүмүүнлэгийн сайн дурын эгнээнд нэгдэж тус өдөрлөгийг 2014 онд мөн зохион байгуулсан бөгөөд Төв Банкны 70 ажилтан цусаа хандивлаж 210 хүнд амь, амьдрал бэлэглэж байсан бол энэ жил өдөрлөгт 125 хүн хамрагдаж 93 хүн цусаа өглөө.
Цус сэлбэлт судлалын эмч, сувилагчдаас бүрдсэн 9 хүний явуулын баг болон Донорын холбооны сайн дурын ажилтнууд тус өдөрлөгт хамтран ажиллалаа.
Хамт олноороо цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлст нэгдсэн ХААН Банкны ажилтнууд олон иргэдэд амь, амьдрал бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мэдээ оруулсан: 2016-02-20 23:42:51