Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг...
Энэ бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Цэндийн Чимэддорж агсны 1989 онд “Болор цом” хүртэж асан “Малчин” шүлгийн утга гүн нэгэн шигтгээ. Угаасаа монголчууд малчин удамтай, малчин заяатай л улс. Тийм ч учраас их найрагч маань “их мэдэгчдэд” ийн эгдүүцэж, бас омогшиж байсан хэрэг. Арга ч үгүй биз. Малчин хүний амьдралын хар ухаан хийгээд байгаль дэлхийн араншинг танин мэдэх авьяас билгийг юутай зүйрлэх. Хүннү, Сүннүгийн үеэсээ хөгжлийн оргилд хүрсэн XXI зууны эхэн хүртэл тэрхүү агуу малчин ард өөрсдийн ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, соёл уламжлалаа цагийн шуурганд тавиад туучихаагүй. Хотжилт, уул уурхайн нөлөө, техник технологийн хэрэглээ сар өдрөөр бус, минут секундээр нэмэгдсэн ч монгол малчны удам тасраагүй. Өрөөлийн нөлөө их байвч өвгөдийнхөө ёсыг хөсөр хаячихаагүй л юм.
Харин сүүлийн хэдхээн жилийн дотор малчдын амьдрал асар хурдтай өөрчлөгдөж, урьд өмнө ажиглагдаагүй этгээд гаж үзэгдэл гарах боллоо. Наад захын жишээ гэхэд, монгол хүнд малаа яаж маллаж, бэлчээрээ хэрхэн ашиглахыг америкчууд зааж байна гээд боддоо. Тодруулбал, америкийн ард түмний хөрөнгөөр санхүүждэг Монголын мянганы сорилтын сан /ММСС/ 2008 оноос “Хот орчмын бэлчээрийн төсөл” гээчийг хэрэгжүүлж, гурван хот, найман аймаг, 60 орчим сумын 20 мянга гаруй малчинд сургалт явуулсан гэх. Энэ төслийн үр дүнгийн талаар үдэш бүр МҮОНТ-ээр нэвтрүүлэг гарч, малчид мал маллах ухаанд суралцсанаа, баярласан талархсанаа бишрэн ярьж байна. Олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн бидэнд эрчимжсэн мал аж ахуй, фермэрийн сургалт явуулж байгаа бол өөр хэрэг. Гэтэл уг төсөлд ийм бүрэлдэхүүн хэсэг байдаг ч бэлчээрийн менежмэнт, байгаль орчны үнэлгээ гэх мэт агуулга зонхилдог аж. Товчхондоо, өнөөх бардам малчид чинь бэлчээрээ яаж зүй зохистой ашиглах, байгальтайгаа хэрхэн харьцахыг Мянганы сорилтын сангаар заалгаж байна гэсэн үг.
Энэ ер нь юу болж байна аа. Эхээс төрөхийн л малчин гэгддэг байсан монголчууд ийм инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр байдалд орсон нь хэний буруу юм бэ? Ямартай ч, ийм буянтай ажлыг санхүүжүүлж буй америкийн ард түмний буруу гэж үгүй. Харин хэн байснаа, хэн болчихоод буйгаа мэдэхээ байсан бидэнд бодох зүйл их байна.
Зарим хүн “Одоо чинь цаг үе өөр болсон. Бэлчээрийн менежмэнтийг бид заалгалгүй яахав” хэмээн айхавтар мэдэмхийрч байна. Тэгвэл ёстой уучлаарай. Монгол малчид гэдэг чинь бэлчээр усаа жилийн дөрвөн улирлын онцлогт байтугай өдөр тутмын цаг агаарын нөхцөлд тааруулан ашиглаж чаддаг юм. Өөрөөр хэлбэл, салхи шуургатайд уулынхаа өвөр нөмрийг, тогтуун сайханд ар хийгээд оройг нь иднэ гэх мэтээр зохицуулчихна. Хамгаалах ёстой бэлчээрээ заавал хашаа хайс хатгаад байхгүй хариулга усалгаагаараа шийдчихнэ. Ер малчин хүний мянган мэргэжил, түмэн чадварыг энд тоочоод байвал яаж барах билээ.
Ямар ч үндэстэнд бахархах, бардамдах, гайхуулах юм гэж байдаг даа. Чухамдаа, гадаадын мал аж ахуйн ямар ч лут эрдэмтэн мал маллах арга ухаанаар монгол малчны сайран хөлтэй жаалыг ч барж идэхгүй. Бид ийм л ард түмэн байсан. Харин одоо бол огт өөр болж байгаа юм байна. Хотод төрсөн, мал маллах талаар “А” ч үгүй хүүхдүүд биш, насаараа мал дагасан өвгөчүүл “Энэ төслөөс их зүйл сурлаа...” гэх юм. Тэдний хувьд бүлэг нөхөрлөл болж хөдөлмөрөө хорших нь цоо шинэ зүйл юм байх. Ингэхэд тэд ер нь нэгдэлжих хөдөлгөөний үед юу хийж байсан улс вэ? Өнөөдрийн бүлэг нөхөрлөл гээд байгаа чинь ердөө нэгдэл шүү дээ. Монгол малчид үзэж туулсан бүхнээ ийм амархан мартчихсан гэж үү. Хачирхалтай л юм.
Ер нь хөдөө гадаа явж байхад нээх сайхан монгол чанар үнэртүүлсэн малчин үнэхээр ховорджээ. Өвөлжөө ч биш, хаваржаа ч биш юман дээр жил тойрон илжиртлээ хэвтчихнэ. Зунд нь шатаж үхэхгүйн тулд хоёрхон алхам зайтай дэнж дээр гарч буусан болно. Амьжиргаа нь хэцүүдээд нүүж сууж чадахгүй байгаа ч юм шиг. Алмай нь дэндээд л тэр. Тэгээд малаа хариулна гэж байхгүй. Хэдэн мал нь ганц толгой тойроод мөлийтөл мөлжинө. Газрын гарц хөөх гэвэл эзэн нь хүчит техникээр ухасхийгээд эргүүлчихнэ. Улмаар ийм идэш ууштай малын ашиг шим ч тэр хэмжээгээр буурч байгаа юм. Зарим нь ч мал хэмээх амьд үйлдвэрээ бүр ажиллуулахаа больсон. Ид саальны цагаар ишиг хургаа эхлээр тавьчихаад наадам наргиа хөөгөөд алга болно. Өвөл нь зуд турхан болоход ганц боодол өвс ч авах чадалгүй гэж гасалсаар хамаг малаа барна. Цөөн малтай ч залхууралгүй хөдөлмөрлөж, цагаан идээгээ хурааж байсан бол хатуу цагт богц ааруулаа боодол өвс байтугайгаар л солино шүү дээ. Алт гарч байгаа газарт бол амьжиргаагаа мал биш, чимх “шар юм”-аар л төсөөлнө. Өнөөдөр хашаа хороогоо ч олигтой өөд татчихдаг малчин цөөрч. Малчин гэж яг юуны тулд амьдраад байгаа нь тодорхойгүй хүмүүс болон хувирчээ. Ялангуяа, сум сууринд ойр, цагаан цайдам газар нутагтай малчдад ийм залхуу назгай байдал ихээхэн газар авсан. Харин алс бөглүү нутгийнхан л арай дээр юм даа.
Ийм байхад малчдын ирээдүйд гадаадын сайхан сэтгэлтэй улс санаа тавихгүй гээд яах юм. Ийнхүү малчдын өрсөлдөх чадвар өөрсдөөс нь шалтгаалан өдөр ирэх бүр доройтож байхад Монгол орныг хэрсэн уул уурхайн нөлөө бүүр ч нэрмээс болж байна. Өдгөө уул уурхайн нөлөөлөлд түлхүү автаж байгаа нутгийн малчид гэж нэг бол төр засгаа зүхсэн, нөгөө бол өөрсдийнхөө дорой буурайг гайхсан хүмүүс байх. Мөнөөхөн Ц.Чимэддорж авгайн шүлэгт гардагчлан “Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан” малчид яагаад гадаадын компаниудын өмнө гөлөлзөх ёстой гэж.
Эх нутгийнхаа эзэд шиг эзэд байж, эрх мэдэл, эд баялагтай хүн шиг загнах боломж нь нээлттэй шүү дээ. Бидний малчин өвөг дээдэс үеийн үед энэ атар баян газар нутгийг хэнээс ч илүү эрэлхэг зоригтой, дайчин шаргуу тэмцэж байж л бидэнд бүрэн бүтэн үлдээсэн. Тэд хэзээ ч өнөөдрийн малчид шиг ийм сул дорой байгаагүй юм. Гэтэл “Гадны компаниуд өвөлжөө хаваржааг минь ухчихсан. Малаа бэлчээх газаргүй, уух усгүй болчихлоо...” гээд л хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг гоншгонох. Зарим нь бүр “Бидэнд мөнгө өгөхгүй байна” гэнэ.
Өнөөдөр газар нутгаа хөндүүлэхгүй аваад үлдэе гэхээсээ илүү эсэргүүцсэн дүр үзүүлж байгаад таван цаас салгачих санаатай нөхөд олон болж. Ийм л арчаагүй байдал нь эргээд малчдын ирээдүйд заналхийлж байна. Малчид сул дорой байх тусмаа гадныханд хялбархан өгөөш болно. Тэд биднийг түрэмгийлж биш, өрөвдөж “эзэлнэ”. Танай нутагт уул уурхай эрхлэх нэрийдлээр танд, танай гэр бүлд, сум, багийнханд нөхөн олговор, тэтгэлэг олгоно. Энэ хэрээр малчид улам залхуу болж, ажилгүйдэл, архидалт гэх мэт сөрөг үзэгдлүүд гаарна.
Америкийн индианчуудыг ч, африк болон бусад баялагтай орны уугуул иргэдийг ч үндэстэн дамнасан корпорациуд ийм л аргаар дарж, мөхөөх замд нь оруулсан түүхтэй. Мөн хятадууд манжийг тийм л аргаар үгүй хийсэн. Монголын малчид ч уламжлалаа умартаж, уул уурхай руу хэт их шүлс унагах юм уу, ядарч зовогсдын дүрд хэт тоглоод байвал ийм л замаар орно. Хэдийгээр малчин монгол гэж ярьдаг ч, монгол орон өргөн уудам ч өнөөдөр малчин иргэдийн тоо нийт хүн амын 20 хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлж байна. 155 мянгахан өрх гэдэг бол харж үзэх нэрээр “халамжлан идэхэд” хялбархан тоо.
Малчин түмэн минь... Цаг үе хэцүү болж байгаа ч энэ шуурганд уруудаж бус, сөрж амьдраач. Газар нутгийнхаа ганц эзэн нь өөрсдөө гэдгээ санаж, бусдыг царайчлахаа болиоч. Өвөг дээдсийнхээ агуу их ухааныг өрнөдийн онолоор бүү солиоч. Өөрсдийн чинь цор ганц өрсөлдөх чадвар болсон уламжлалт малчин ахуйдаа үнэнч үлдээч...
Мэдээ оруулсан: 2016-02-20 22:55:51