"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны мэдэгдэл

Төрийн эрх мэдлийн нэгэн үндсэн салаа болсон шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах нь улс оронд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх гол нөхцөл билээ.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн гуравдахь хэсэгт... "Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.” хэмээн заасан байна. Үүнээс үндэслэн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, ажиллаж, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж тодруулан зохицуулсан.

 

 

Монгол Улсын шүүгчдийн 60 гаруй хувь нь эмэгтэй шүүгч бөгөөд шүүх эрх мэдлийн байгууллагын хүний нөөцийн гол цөмийг бүрдүүлж байдаг. Манай холбооны гишүүн, эдгээр хуульч эмэгтэйчүүд монгол эх, гэргий хүний ёсоор үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ түвшитгэн явахын зэрэгцээ монголын төрийн нэн хариуцлагатай албанд зүтгэж, ачааны хүндийг үүрэлцэж явна. Судалгаанаас үзэхэд шүүгч эмэгтэйчүүдийн 87.2 хувь нь нийгмийн асуудлаа шийдвэрлэхээр орон сууцны зээл авсан байна.

 

Ийм нөхцөлд Монгол Улсын Засгийн газар "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төсөлд шүүгчийн цалинг 30 орчим хувиар бууруулахаар төлөвлөж, улмаар шүүгчийн эдийн засгийн болон бусад баталгаатай холбоотой хуулийн зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. 

 

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

 

Олон улсын эрх зүйн зарчимд шүүх эрх мэдлийн аливаа баталгааг дордуулсан зохицуулалтыг төрөөс батлан гаргахыг хориглодог бөгөөд энэ зарчмыг Монгол Улсын үе үеийн Их хурал хэрэгжүүлж ирсэн. Энэ талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно.”, 23 дугаар зүйлийн 23.5-д " Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д ” Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” гэж тус тус зааж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эдийн засгийн баталгааг хуульчилсан билээ.

 

Олон улсын жишигт нийцүүлж, хуулиараа тогтоож бэхжүүлсэн, шүүгчийн эрх зүйн байдлын баталгааны талаарх эдгээр заалт, түүнийг хэрэгжүүлэхээс ухрах нь шударга ёсыг тогтоох-ардчиллын үнэт зүйлээс татгалзаж байгаа хэрэг юм.

 

Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтад харшилсан, Олон улсын эрх зүйн зарчимд нийцээгүй, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулах үр дагавар бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхгүйгээр буцааж, шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар тогтоосон Үндсэн хуулийн зарчмыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО 

Мэдээ оруулсан: 2016-02-20 21:37:15